Thursday, May 5, 2011

Харанхуйн Антр

     Гэрэлт Кунт
Бүрэнхий болоход 30 минут л дутуу байгаа бололтой. Нар чимээгүйхэн гунигтайгаар туяа гэрлээрээ даллана. Үзэсгэлэнт нар минь... гэж бодох зуур салхи сэвэлзэх нь шөнө бороо орохыг сануулна. Бүрэнхий болохоос урьтаж хурдан хурдан алхасаар...чимээгүйхэн гудамжаар явтал, өөдөөс гэнэт нэгэн залуу гарч ирэв. Айсандаа гүйх шахам гэрлүүгээ гүйн оров.  

Харанхуйн Антр

Гар гэж нэрлэгдэх болохоос биш яг ямар гэдгийг сайн санахгүй байлаа. Ямар ч л байсан нарийнхан таван мөчиртэй. Түүгээр дээш толгойн дахь урт зөөлхөн зүйлийг самнах үед хэн нэгэн чангаар санаа алдах шиг сэрүү татаад бага зэрэг юм нөмөрмөөр санагдав. Магадгүй томоос том хүмүүс уйлах байх. Дусал бүр нь намайг норгоно. Даанч минийх шиг давстай биш. Санаандгүй саяхан амталж үзсэн. Хоёр гараа дээш өргөөд хоол ордог орон зайг нээсэн. Яг л ус шиг амттай...гэж бодсоор тэмтчин алхана. Гудамж чимээгүй байсан. Гэтэл гэнэт хэн нэгний үнэр бас алхаа... Явах чигээ бага зэрэг өөрчлөөд үнэрийг нь анхааралтай анхилна. Яг л цасны чимээ хөлд сонсогдохоо болих цагаар агаарт түгэх үнэр мэт...тийм тансаг. Тэгээд маш удаанаар хөлөө зөөгөөд л... Чингэтэл нөгөө таван мөчирний хамгийн жижиг чигчийг өөр хэн нэгний гар барьж аваад тавихгүй байлаа. Гайхаад юу ч хэлж амжаагүй байв.
Хавар
- Арай л гэж ямар нэг юмнаас чинь барьж чадлаа. Ганц л алхасан бол бороо шиг үнэртэй чамайг алдах байж гээд сайхан санагдах үед гаргадаг авиаг гарав.
Тэр нэгэн хаврын бороотой үдшээс хойш би түүний зүрхэнд дуслах бороо харин тэр миний сэтгэлийн хавар болсон юм. Тэр бидний нэгэн адил харанхуй Антрынх. Тэдний гэрийн үүднээс манай гэрийн хаалга хүртэл яг 819 алхам. Олон удаа явж туршиж үзсэн. Харин тэр гэрээсээ 519 би гэрээсээ 300 алхахад зөвхөн бидний бяцхан сандал бий. Тэгээд бид зүүдээ зүүдлээд дуусмагц тэндээ уулзаж байхаар тохирсон юм. Нэгэн зүүдний дараа нөмрөгөө нөмрөөд гарлаа. Хөлөө газар гишгэх тоолонд л чамайгаа бодон бодон аниргүй дотроо тоолно.
Гэтэл гэнэт хүйтэн нулимс том томоор хамаг бие чийг хөврүүлээд л хаа сайгүй...
230 цаана нь 70хан алхам шүү дээ гэж бодоод л алхаад л байлаа. Гэхдээ төөрчихвөл яанаа гэсэн айдас толгой өшиглөнө. Гэтэл гэнэт хэн нэгэн гараас минь татаад
- Би чиний үнэрийг хэзээ ч алдахгүй
гээд
Яг анхных шиг...
Энэ байдлыг томоос том хүмүүс хараад уярав бололтой. Зөөлхөн уйлж эхлэлээ. Зөөлнөөр норгоно. Гараараа энэ тэнд тэмтчин хамрыг нь олоод өлмийгөө өргөөд хамгийн сайхан зүйлийг, хамгийн сайхан үнэрийг олсондоо баярлан хамрын үзүүрээ наав. Тэр жаргалтайгаар мишээж байна. Мэдрэгдэж байна. Миний уруул түүний уруулыг мэдэрч байна.
Анхны үнсэлт...
БИ ЧАМАЙГ ТАВИХГҮЙ гэж гарт минь хэлэхэд аль хэдийн 800 алхам болжээ. Гэрт минь оруулж өгөөд буцаад л яваад өгөх чамайг зүүдлэнэ гээд бодох зуур
Ээж
- Миний охион!
Гээд өрөөнд ороод ирэв. Тэгээд
- Цаг чинь ирлээ
- Юун цаг гэхэд
- Мэдрэх биш харах цаг
- Харах аа!
- Тийм ээ харах
- Цаг нь ирэхээр ойлгох болно. Бүх зүйл өөрийн гэсэн мэдрэмжийн агууламж, хэлбэртэй.
- Мэдрэмжийн агууламж аа?
- Тиймээ. Чиний мэдэрдэг бүхэн тогтсон хэлбэр, өнгөтэй чиний мэдэрсэн болгон хүн бүрт яг чамд мэдрэгдсэн шиг биш.
- Би ч гэсэн үү?
- Тийм ээ.
- Тэгээд яагаад заавал одоо гэж?
- Учир нь миний охин 23 хүрлээ.
- Яагаад 23 гэж?
- Энэ бол Антр хотынхны жам.
- Та тэгвэл хардаг байх...
- Тэгэлгүй яахав...
Ойлгохыг хичээсэн боловч ямар ч төсөөлөл алга. Энэ өдрөөс хойш зуун өдөр өнгөрөв. Зүүдээ зүүдлээд сэрлээ. Хүрж мэдэрдэг зүйлс минь амилсан юм шиг өөр газар ирсэн мэт болов.
Сандарсандаа
- Ээж ээ! Энэ юу болоод байнаа? гэж асуухад. Миний сайхан зүйлийг мэдрэх үед гаргадаг зүйлийг хөдөлгөөнд оруулан инээмсэглэнгээ
- Миний охин харж л байна шүү дээ.
Баярлах гайхах зэрэгцэн би хэн болохоо харахыг хүсэхэд тойрог хэлбэртэй зүйлийг гарт минь бариулаад
- Хар даа!
Гэхэд энэ бүх шинэ зүйлсийг мэдэрч байгаа эрхтэн минь том бас эргэн тойрон бүгд ямар нэгэн зүйлээр хүрээлэгджээ. Хайрыг мэдрэгч хамар минь бид хоёр шиг хоёр салаа нүхтэй ажээ. Харж буй энэ нүд минь хамартай минь адил түүнийг минь хайрлаасай гэж хүсэв. Зүүднээсээ сэрээд нэлээн уджээ. Хайрт минь хүлээж байгаа гэж бодоод анх удаагаа хурднаас хурдан гүйж үзлээ. Замдаа чимээгүйхэн 300 тоолоод эргэн тойрноо харвал өнгө муутайхан газар нэг хүн сууж байлаа. Дөхөж очоод юу ч хэлж амжаагүй байтал
- Чи зүгээр үү? Гээд инээмсэглээд хацрыг минь үнслээ.
- Зүгээр ээ.
Түүнийг харсан анхны сэтгэгдэл яг л чиний үнэр шиг байлаа. Чиний тансаг үнэр хайрт минь...
Би чамайг тэр өдөр ХАРСАН бол хэзээ ч тэр “үзэсгэлэнт” сандал, бороо, үнсэлт, үнэр, бас сэтгэл зүрхэнд чинь ингэтлээ дурлахгүй л байх байсан...
Чи минь 23 хүрэхэд яг 819 хоног үлджээ...

No comments:

Post a Comment